Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн гаргасан шийдвэрт захиргааны хэрэг үүсгэлээ /2009.04.30/
Авлигатай тэмцэх газраас Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхээс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль зөрчсөн шийдвэр гаргасан үндэслэлээр захиргааны хэрэг үүсгэлээ.
Дорнод аймгийн засаг дарга Ц.Жанлавын 2007, 2008 онуудад мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад, Засаг дарга Ц.Жанлав нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, өөрийн хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшдэг компанийн талаар мэдүүлээгүй зөрчил илэрч, хөрөнгө орлогоо худал мэдүүлсэн Засаг даргад Авлигын эсрэг хуульд заасан холбогдох арга хэмжээ тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд болон Дорнод аймгийн ИТХ-д хандсаны дагуу Дорнод аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдан тогтоол гаргаж, “Засаг даргыг огцруулахгүй” гэж шийдвэрлэсэн тухай өмнө мэдээлж байсан. Хуулийн дагуу бол ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж шийдвэр гаргах ёстой.
“Засаг даргыг огцруулахгүй” гэсэн ИТХ-ын тэргүүлэгчдийн дээрх шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн байх тул уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Авлигатай тэмцэх газраас Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм.
Авлигатай тэмцэх газрын нэхэмжлэлийг Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүх хүлээн авч, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль зөрчсөн шийдвэр гаргасан байх тул захиргааны хэрэг үүсгэжээ.
Шүүхийн шийдвэрийн дараа Засаг даргатай холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх нь тодорхой болно.