Aug 04, 2016         10

Л.Сүх-Очир: АТГ бол хэн нэг иргэний нийтийн албанд томилогдохыг хориглодог, зөвшөөрдөг, татгалздаг байгууллага биш

iaac

 

 

УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын

 

 

бүрэлдэхүүнтэй холбогдуулан төрийн албанд шинэ томилгоо цөөнгүй хийгдэж байна. Энэ үеэр АТГ-ын ажил бас нэлээд эрчимжиж байгаа. Төрийн албанд шинээр томилогдож байгаа хүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ хянан үздэг хуультай. Энэ асуудлаар АТГ-ын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очиртой ярилцлаа.

-Төрийн албанд шинээр томилогдож байгаа хүний тухайд АТГ яг ямар шийдвэр гаргадаг юм бэ? “Энэ хүн төрийн албанд ажиллаж болохгүй ээ” гэдэг шийдвэрийг АТГ гаргадаг гэж ойлгогдоод байгаа.

-Нийтээр хэлж заншсанаар Сонирхлын зөрчлийн тухай хуульд “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргуулан авч, АТГ-т хянуулахаар ирүүлэх, тус газар ажлын 10 хоногийн дотор хянан үзээд хариу мэдэгдэх зохицуулалттай. Манай зарим иргэд төрийн албанд ажилд ороход АТГ-аас авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тухай лавлагаа авдаг гэсэн буруу ойлголттой байдаг. АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар хяналт шалгалт явуулж томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж байх үүргийг дээрх хуулиар хүлээсэн байдаг.

Хуулийн тодорхой заалтыг харъя л даа. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасан байгаа. Тэгэхээр энэ талаар АТГ-аас тэр “шийдвэр” гэж яриад байгаа зүйл гаргадаггүй.

-Тэгвэл тэр шийдвэрийг хэн гаргадаг юм бэ?

-Тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан нь гаргана. Хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эсэх талаар томилох эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасан. Үүнээс үзвэл томилох шийдвэрийг гаргах эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосон зохицуулалт гэдэг нь харагдаж байгаа биз дээ.

Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэх шаардлагатай. Юу гэхээр нийтийн албанд хэнийг томилох, томилсны дараа ашиг сонирхлын зөрчил үүсэх үү үгүй юу, хэрэгжүүлэх албан үүрэг нь тухайн хүний хувийн ашиг сонирхолтой харшлах эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан АТГ-ын саналыг “сонсдог” болсон нь манай улсад авлигын эсрэг хууль тогтоомж хэрэгжиж байгаагийн нэгэн илэрхийлэл гэж үзэж болно.

-Засгийн газрын гишүүн-сайдаар томилогдохоор нэр дэвшсэн зарим нэр дэвшигчийг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж бичиг явуулсан. Эдгээр нэр дэвшигчдийг ямар учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн бэ?

-Зарим нэр дэвшигчийн тухайд өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдийг мэдүүлээгүй, өөрөө болон хамаарал бүхий этгээд нь тухайн салбарт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа, албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө хяналт тавих, эрхлэх асуудлын хүрээнд шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой нөхцөл байдлууд илэрснийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдэгдсэн.

-Танайхаас өгсөн хариуг Ерөнхий сайд хүлээн авч тэдний нэрийг татсан. Энэ нь Монголд анхны гэж хэлж болохуйц үйл явдал байлаа. Өмнө нь ийм жишиг байгаагүй?

-Зарим нэр дэвшигчийн илэрсэн нөхцөл байдлыг Засгийн газар харгалзан үзэж нэр дэвшигчийг татаж, өөр хүнийг нэр дэвшүүлсэн нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хүлээлгэсэн нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах талаар санаачилгатай, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх улс төрийн хүсэл эрмэлзэлтэй байгааг харуулсан сайн жишээ гэж үзэж байна.

-Энэ хууль урьд нь яагаад хэрэгждэггүй байсан юм бол?

-Сонирхлын зөрчлийн тухай хууль 2012 онд батлагдаж, тухайн оныхоо 5 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэр үед шинээр байгуулагдсан Засгийн газар санаачилга муутай, улс төрийн хүсэл эрмэлзэл сул байснаас энэ хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах үүргээ биелүүлээгүй. Хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэх ёстой гэдэг үүднээс АТГ энэ Засгийн газрыг бүрдэх цаг үеэс нь эхлэн зохих шаардлагыг тавьж байна. Энэ хуулийн зохицуулалтыг мэдэхгүйгээсээ болоод би тийм биш, миний тухай буруу зөрүү дүгнэлт гаргалаа гэсэн гомдол санал, хэл үг нэлээд гардаг. Цаашид төрийн албанд томилогдъё, ажиллая гэж байгаа л бол олон нийтэд би итгэгдэх ёстой гэдгээ л зайлшгүй ухамсарлах шаардлагатай.

-Эрүүл мэндийн сайдаар томилогдсон А.Цогцэцэгийг Ж.Цолмонтой адил ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэвлэлээр мэдээлэгдсээр байхад АТГ-аас татгалзсан хариу өгөөгүй нь ямар учиртай вэ? А.Цогцэцэгийг хувийн эмнэлэгтэй гэсэн мэдээлэл байгаа, Ж.Цолмонг эрүүл мэндийн чиглэлээр хувийн компанитай гэсэн үндэслэлээр татгалзсан шүү дээ.

-АТГ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналт шалгалтын хүрээнд бүртгэл, хяналтын байгууллагуудаас мэдээлэл, лавлагаа гаргуулан авдаг юм. Эдгээр лавлагаагаар 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар А.Цогцэцэг болон түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг эрүүл мэндийн салбарт хамаарах хуулийн этгээд тогтоогдоогүй.

Компани нь өөрийнх нь гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоогүй бол тухайн албанд томилогдогдоход болохгүй зүйлгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд эмнэлгийн компанитай байж байгаад томилогдох юм бол энэ нь ашиг сонирхлын зөрчил мөн. Харин уул уурхайн компанитай байх юм бол хуулийн дагуу 30 хоногийн дотор тэр компаниа шилжүүлж өгсөн байх ёстой. Ж.Цолмонгийн хувьд компаниа төрсөн охиндоо өгсөн. Охин нь Ж.Цолмонтой хамаарал бүхий этгээд. Энэ утгаараа нөлөөлж болохуйц нөхцөл байдал байна гэж үзнэ. Ингэж хуульд заасан учраас тэр дагуу дүгнэлт гаргасан. Харин А.Цогцэцэг компанитай байсан боловч лавлагааг шүүж гаргах тухайн цаг үед компаниа худалдсан байсан. Нэг ёсондоо нийтийн ашиг сонирхолд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал нь арилсан гэсэн үг.

-Харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал гэдгийг тодруулахгүй юу?

-Эхлээд нийтийн ашиг сонирхол, хувийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчил гэж юу вэ гэдгийг зайлшгүй хэлэх ёстой. Хуулийн 3 дугаар зүйлд энэ тухай тодорхой заасан л даа. Нийтийн албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоос ангид, тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг нийтийн ашиг сонирхол гэж үзнэ. Хувийн ашиг сонирхол гэдэг нь нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ гэж байгаа. Тэгвэл нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх, өөрөөр хэлбэл олон нийтийн итгэлтэй зөрчилдөх гэсэн үг. Албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчил гэж ойлгоно. Харшаар нөлөөлсөн нөхцөл байдал гэж өнгөрсөн цаг дээр хэлээгүй байгаа биз. Нөлөөлж болохуйц гэсэн үг хэллэг хуульд байгааг анхаарах ёстой.

-Ж.Цолмонгийн хувьд төрсөн охиндоо компаниа шилжүүлсэн нь албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал гэж АТГ үзсэн юм байна. Энэ тийм ноцтой шалтгаан гэж үү?

-Түүний хувьд төрсөн охин нь хамаарал бүхий этгээд мөн. Хамаарал бүхий этгээд гэдэгт хэн хэнийг оруулж байгаа вэ. Дахиад хуулиа харъя. Тухайн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд гэж байгаа. Харин нэгдмэл сонирхолтой этгээд гэдэг нь тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.

Хуулийн ийм тодорхой заалтууд байгаа учраас энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д зааснаар томилох эрх бүхий албан тушаалтан нь тэр хүнийг томилохгүй байх үүрэгтэй. АТГ-ын зүгээс томилох эрх бүхий албан тушаалтанд “Та томилохгүй байх үүрэгтэй шүү, тиймээс та хуулийг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй” гэдэг анхааруулга, сэрэмжлүүлгийг өгч байгаа. Өөрөөр хэлбэл, АТГ хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасны дагуу томилохгүй байх үүргээ хэрэгжүүлэх нь зүйтэй байна гэсэн бичгийг л хүргүүлсэн. Түүнээс биш энэ хүнийг томилохоос татгалзаж байна, тэр хүнийг томилохыг зөвшөөрч байна гэж хэлээгүй.

-Танай байгууллагыг төрийн албаны томилгоонд оролцож байна гэх шүүмжлэл гарч байгаа. АТГ төрийн боловсон хүчнийг сонгон шалгаруулдаг газар болоод байна уу?

-“АТГ төрийн боловсон хүчнийг сонгон шалгаруулдаг байгууллага” гэж үзэх нь буруу. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн ажлын байранд тавигдах болзол, шаардлагыг илт хангаагүй, зохих журмын дагуу сонгон шалгаруулалтад ороогүй байх, мөн гэр бүлийн болон хамаарал бүхий этгээдийнхээ шууд захирах, захирагдах ажлын байранд томилогдох нь Төрийн албаны тухай хууль тогтоомжид нийцэхгүй. Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн, тухайн ажлын байрны шаардлагыг хангаж чадах өөр иргэн байсаар байхад шалгуур, шаардлага хангахгүй хүнийг сонгон шалгаруулалтгүйгээр томилох нь нийтийн эрх ашигт харшилсан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болно. Тиймээс АТГ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхдээ уг асуудлыг зайлшгүй харгалзан үздэг. АТГ Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд төрийн алба, нийтийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтарч ажилладаг.

-Тэгэхээр АТГ энэ хүн төрийн албанд ажиллаж болохгүй ээ гэж татгалздаг субъект биш юм байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. АТГ бол хэн нэг иргэний нийтийн албанд томилогдохыг хориглодог, зөвшөөрдөг, татгалздаг байгууллага биш. Бид зөвхөн хуулийн дагуу нийтийн албан тушаалд нэр дэвшигчийн ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц тухай л мэдэгддэг. Энэ мэдэгдлийг үндэслэн төрийн байгууллагууд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг томилохгүй байх үүргийг хуулиар хүлээсэн байдаг.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us