Sep 02, 2016         4

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж байна

    Авлигатай тэмцэх газраас нийтийн албанд томилогдохоор нэр дэвшигч 1498 иргэний “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг” (ХАСУМ)-ийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хүлээн авч, хянан шийдвэрлэснээс 1247 мэдүүлгийн хариуг холбогдох байгууллагад хүргүүлэв. 251 мэдүүлэг хянагдах шатандаа явж байна.

     Хянан шалгасан ХАСУМ-ээс 914 иргэний мэдүүлэгт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нийтийн албанд томилоход татгалзах зүйлгүйг нь тодорхойлсон бол 74 иргэний ажлын байрны тодорхойлолт хуульд заасан шаардлагыг хангаагүй, эрхлэх ажлын хүрээнд хамааралгүй ашгийн төлөө байгууллагатай нэгдмэл сонирхолтой зэрэг зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг хянан тогтоож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу энэхүү зөрчлөө 30 хоногийн дотор арилгах мэдэгдлийг өгөв. Харин 237 мэдүүлгийг тухайн иргэнийг уг албан тушаалд мэдүүлгийг хянуулахгүйгээр урьдчилан томилсон, мөн албан тушаалтныг томилох эрхгүй субьект мэдүүлгийг ирүүлсэн зэргээс үүдэн хянах боломжгүй үндэслэлээр буцаан хүргүүллээ.   

     Засгийн газрын гишүүн, дэд сайд, УУХҮЯ-ны газрын дарга, ХХААХҮЯ-ны газрын дарга, ГЕГ-ын дэд дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн дэд захирал, АМГТГ-ын Нүүрсний судалгааны хэлтэс, Мэдээлэл технологийн төв, Хүнд үйлдвэр, техник технологийн хэлтсийн дарга зэрэг албан тушаалд нэр дэвшиж материалаа хянуулахаар ирүүлсэн 22 иргэний мэдүүлэг нь хуульд заасан "нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал"–ыг бий болгосон, мөн “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй” заалтыг зөрчсөн тул хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийн  Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэйг тэднийг томилох эрх бүхий албан тушаалтануудад сануулж, мэдэгдэл хүргүүлсэн байна. 

     Төрийн албыг хувийн ашиг сонирхлоор хөтлөх зөрчил үүсч болзошгүй албан тушаалтан томилогдохоос сэрэмжлүүлэн анхааруулсан АТГ-ын энэхүү хууль ёсны сануулгыг УИХ, Засгийн газрын зүгээс хүлээн авч, хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь төрд итгэх олон түмний итгэлийг дээшлүүлж, цэвэр, шударга, хариуцлагатай, сайн засаглалыг салбар бүртээ нэвтрүүлэх  боломжийг нээж буй хэрэг юм. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us