Онлайнаар танилцуулсан илтгэл тэргүүн байрт шалгарав
Авлигын эсрэг олон улсын өдрийг болон Авлигатай тэмцэх газар үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж зохион байгуулсан “Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах нь: Асуудал ба шийдэл” сэдэвт илтгэлийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо.
Илтгэлийн уралдаанд нийт 17 илтгэл ирсэн бөгөөд 2 дугаар шатанд 10-ыг нь шалгаруулжээ. Уралдааныг Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн, Ил тод байдлын түншлэлийн тэргүүн Д.Цэрэнжав, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судлаач Ц.Одгэрэл нар шүүсэн байна.
Илтгэлийн уралдаанд Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Ц.Чойжамцын “Авлигаас урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоо, хяналтыг идэвхижүүлэх арга зам” илтгэл 361 оноогоор тэргүүн байр, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ахлах ажилтан, цагдаагийн хошууч Э.Болор-Эрдэнийн “Авлигатай тэмцэх үйл хэрэгт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх үндэс нь олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа бөгөөд түүнийг Авлигатай тэмцэх газарт нэвтрүүлэх нь” илтгэл 351 оноогоор дэд байр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн IV дамжааны оюутан Б.Оюунболдын “Олон нийтийн эрх ашгийн үүднээс илчлэн мэдээлэх-Шүгэл үлээгчийн хууль“ илтгэл 323 оноогоор гуравдугаар байр, Отгонтэнгэр их сургуулийн багш Д.Мөнхзаяагийн “Авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах нь“ илтгэл 316 оноогоор тусгай байрт тус тус шалгарлаа. Тэргүүн байр эзэлсэн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын иргэн Ц.Чойжамц нь илтгэлээ онлайнаар танилцуулах хүсэлт тавьсныг ёсоор болгожээ.
Илтгэлийн уралдаанд шалгарсан оролцогчдын шагналыг Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Арсланхуяг нар гардуулав.