Сайдад нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэв
Авлигатай тэмцэх газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлдэг юм.
Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдад томилогдохоор нэр дэвшсэн Дамдинсүрэнгийн Өнөрболор, Цогт-Очирын Анандбазар, Цэгмидийн Цэнгэл, Жадамбын Цолмон нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу хянан үзээд дараах хариуг хүргүүллээ.
Нэр дэвшигч Д.Өнөрболор нь хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт өөрийн үүсгэн байгуулсан ХХК-ийг мэдүүлээгүй байна. Түүний нөхөр Г, ээж С, дүү Ө нар нь барилгын материалын худалдаа, барилгын засвар хийх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, орон сууцны түрээс, интерьер дизайн зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 8 компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар тус тус бүртгэлтэй байна.
Нэр дэвшигч Ц.Анандбазар нь өөрийн үүсгэн байгуулсан компаниудын талаарх мэдээллийг хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн “мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт, мөн түүний эрхлэх асуудлын хүрээ, шууд болон шууд бусаар нөлөөлөх боломжтой ажил үйлчилгээ эрхэлж байгаа төрсөн дүү П-г мэдүүлгийн “хамаарал бүхий этгээд” хэсэгт мэдүүлээгүй байна. Ц.Анандбазарын үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан компани нь газар тариалан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү П нь гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, мод, модон болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 3 компанийг үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан байна.
Нэр дэвшигч Ц.Цэнгэл нь “Эрчим хүчний хөгжлийн ассоциац” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан талаарх мэдээллийг мэдүүлгийн “гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөл” хэсэгт мэдүүлээгүй байна. Түүний эхнэр Н нь Эрчим хүчний зохицуулах газраас олгосон тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн захирлаар, уг компанийн охин компани болох цахилгаан эрчим хүч түгээх, хангах, эрчим хүчний төхөөрөмж, үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байна.
Нэр дэвшигч Ж.Цолмонгийн төрсөн охин М нь шүдний оношилгоо, эмчилгээ, нүүр ам судал, арьс гоо засал, пластик мэс заслын тусламж, үйлчилгээ, сургалт, судалгаа, эм эмнэлгийн хэрэглэл, багаж, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, импортлох, гадаад худалдаа, барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлаар ажиллаж байна.
Эдгээр нь Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгохоор байна гэж Авлигатай тэмцэх газар үзэв.
Иймд Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Ц.Цэнгэл, Ж.Цолмон нарыг томилоход ашиг сонирхлын зөрчил үүсч болох тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэсэн албан хариуг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүллээ.