Авлигатай тэмцэх газраас яам, агентлагуудад шалгалт хийж байна/2009.03.27/
Төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газар болон Засгийн газрын ажиллах хамтарсан ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газар яам, агентлагийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төлөвлөгөөтэй болгон хэрэгжүүлэх ажлыг төрийн байгууллагуудад зохион байгуулж эхлээд байна.
2009 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын тушаалаар байгуулагдсан Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг яам, Засгийн газрын зарим агентлагуудад шалгаж эхэллээ.
Ажлын хэсэг төлөвлөгөөний биелэлт, явц байдлыг яам, Засгийн газрын зарим агентлагуудад шалгаж, үнэлж дүгнэн, төлөвлөгөөний хэрэгжилтийг сайжруулахтай холбоотой заавар, зөвлөгөөг өгч байгаа юм.
Одоогийн байдлаар төрийн 26 байгууллага Авлигаас урдчилан сэргийлэх төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байгаа аж. Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа, дотоод хяналт, хамтын ажиллагаа гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан бөгөөд төлөвлөгөөнд төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн байгууллагын үйл ажиллагааг нээлттэй болгох, авлигын нийгмийн хор аюулыг тайлбарлан таниулах, иргэд, байгууллагыг мэдээллээр хангах, төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн биелэлт зэрэг нэн түрүүнд хийх ажлуудын тусгасан байна.
Шалгалтад хамруулж буй яам, засгийн газрын агентлагууд:
1. Хууль зүй, дотоод хэргийн яам
2. Сангийн яам
3. Гадаад харилцааны яам
4. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам
5. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
6. Эрдэс баялаг, эрчим хүчний яам
7. Батлан хамгаалах яам
8. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
9. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
10. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
11. Эрүүл мэндийн яам
12. Цагдаагийн ерөнхий газар
13. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
14. Ашигт малтмалын газар
15. Газрын тосны газар
16. Гаалийн ерөнхий газар
17. Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв
18. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар
19. Нийгмийн даатгалын ерөнхий газар
20. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
21. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар
22. Төрийн өмчийн хороо
23. Татварын ерөнхий газар
24. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба.