725 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
Авлигатай тэмцэх газар 2016 оны 11 дүгээр сарын 21-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 386 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 725 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.
Өнгөрсөн долоо хоногт 230 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 216 нь зөрчилгүй байсан бол 7-г нь буцааж, 7-г нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 495 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн урьдчилсан мэдүүлэг байсангүй.
Монголбанкны Хэвлэлийн албаны ахлах төлөөлөгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Д.Оргил, нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Ж.Өнөгэрэл, Хүүхдийн төв сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Г.Аззаяа нарын зэрэг 216 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.
Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 7 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.
Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 7 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Төв, Хөвсгөл, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.