Авлигатай тэмцэх газар 2016 оны эхний хагас жилийн ажлаа тайлагнав
Авлигатай тэмцэх газар ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион
байгуулав. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар 2016 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон хүрсэн зарим үр дүнгийн талаар тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээлэл хийлээ.
Тэрээр “Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 133 байгууллага “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан ажиллаж байгаа. Авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлын нь үр дүнг АТГ оны эцэст хөндлөнгийн шинжээчдээр үнэлж дүгнэдэг. Төлөвлөгөө нь тодорхой стандарттай, авлигаас ангид ажиллах хүсэл зоригийн илэрхийлэл болдог учраас энэ төлөвлөгөөгөө сайн хэрэгжүүлбэл авлига, албан тушаалын гэмт хэрэг гарахгүй байх нэг үндэс болдог. Тиймээс улсын хэмжээнд 133 төрийн байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэхийг АТГ шаардаж, хяналт тавьж ажилладаг. Өмнөх жилийн төлөвлөгөөгөө хангалтгүй биелүүлсэн төрийн байгууллагуудад газар дээр нь очиж ажилладаг. Энэ оны эхний хагас жилийн хувьд 4 яам, 2 агентлаг, Дундговь аймагт ажилласан. Түүнээс гадна Дорнод, Сэлэнгэ аймгийн болон Замын-Үүд дэх гаалийн газарт очиж ажиллалаа.
Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн нэгэн ажлыг онцолж танилцуулъя. Авлигатай тэмцэх газар Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас сонгон шалгаруулалтгүйгээр, шууд гэрээгээр санхүүжүүлсэн бүх төсөл, хөтөлбөрийг шалгажээ. Мэргэжлийн эксперт, шинжээчдээр дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа гэж үзээд Мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлсэн байна. Түүнчлэн энэ шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар БХЯ руу албан бичиг хүргүүлсэн гэв. Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр тусгайлсан арга хэмжээг барилга, уул уурхай, гааль, эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлж байна.
Авлигын шалтгаан, нөхцөл үүсгэж байгаа дүрэм, журам, тушаал шийдвэрийг хянаж үзэх нь АТГ-ын нэг чиг үүрэг юм. Энэ оны эхний хагас жилд хууль тогтоомж зөрчсөн 24 шийдвэрийг хянаж үзээд хүчингүй болгуулсан байна.
Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, мэдүүлгийн бүрдүүлэлтийн чиглэлээр нийт 10105 хүнийг сургалтад хамруулжээ.
Авлигатай тэмцэх газар хуулийн дагуу УИХ-д “Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаарх мэдээлэл”-ийг хүргүүлдэг. Энэ дагуу 2015 оны мэдээллийг хүргүүлсэн. Мөн Шударга байдлын үнэлгээ болон Хүүхдийн шударга байдлын судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулсан.
Улсын хэмжээнд 39850 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлсэн. Энэ нь 99.9 хувь болж байгаа. 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулсан, 3 хүн мэдүүлгээ гаргаж өгөөгүй. Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс зөрчил гаргасан тэдгээр хүмүүст холбогдох хариуцлагыг тооцуулсан. Ер нь бол төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхол болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүргээ хангалттай түвшинд биелүүлдэг болсон гэж үзэж болно.
Авлигатай тэмцэх газар хяналт шалгалтын ажлыг явуулдаг. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтыг 9 байгууллагын 792 албан тушаалтны 2014, 2015 оны 1589 мэдүүлгийг хамруулан хийсэн байна. Эндээс 124 албан тушаалтны мэдүүлэг зөрчилтэй байгаа, одоо нарийвчлан шалгаж байна.
Авлигатай тэмцэх газарт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар 199 өргөдөл, гомдол, мэдээлэл ирсэн. 166-г нь шийдвэрлэсэн. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хууль тогтоомж зөрчсөн 15 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байгаа. Ирж байгаа өргөдөл, гомдол, мэдээллийн дийлэнх нь албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон тухай асуудал байна.
Нийтийн алба буюу төрийн албанд шинээр томилогдож байгаа иргэн бүр хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хянуулах хуультай. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нийтийн албанд 4163 иргэн томилогдохоор материалаа ирүүлсэн. Эндээс 4010-ыг нь Авлигатай тэмцэх газар хянан шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ хугацаанд 4010 хүн төрийн албанд томилогдсон гэсэн үг. Хэрвээ тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа бол Авлигатай тэмцэх газар энэ нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагад нь мэдэгддэг. Зарим тохиолдолд Авлигатай тэмцэх газраар мэдүүлгийг хянуулахгүйгээр шууд томилдог. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс Авлигатай тэмцэх газар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэ төрлийн хяналт шалгалтыг хийдэг. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр 53 иргэнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгосон байгаа.
Авлигатай тэмцэх газар энэ оны эхний хагас жилд нийтдээ 489 гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүний 196 нь гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Өмнөх оны үлдэгдэлтэйгээ нийлээд 209 гомдол, мэдээллийг хянаж үзсэн. Тэгэхээр 45 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн. 132-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан. Гомдол, мэдээллийн шийдвэрлэлт 94.3 хувьтай байгаа нь сайн үзүүлэлт гэж үзэж болно. Нийгэмд тулгарч байгаа асуудал, бэрхшээл бүрийг Авлигатай тэмцэх газар шийдвэрлэх ёстой гэсэн иргэдийн итгэл байдаг учраас өргөдөл, гомдол, мэдээлэл олон ирдэг. Гэвч Авлигатай тэмцэх газрын шалгах хэргийн харьяалал нь тодорхой хязгаартай учраас ихэнх тохиолдолд өргөдөл, гомдол, мэдээлэл байгаа онодоггүй гэж хэлж болно. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийн хувь өндөр байгаа нь энэ шалтгаантай холбоотой.
Хуульд заасан харьяаллын 325 үйлдэлтэй, 297 холбогдогчтой 167 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Эндээс төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хээл хахууль өгөх, авах гэмт хэргийн хувь дийлэнх байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргээс 39-ийг нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Одоогийн байдлаар 53 хэргийн үлдэгдэлтэй байна. Мөрдөн шалгасан 102 хэргийг шийдвэрлэсэн. Энэ нь 61.2 хувьтай байна. Хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 43.1 хувь гэсэн дүнтэй юм. Энэ хугацаанд мөрдөн шалгасан хэрэг, яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэрэг аль аль нь өссөн дүнтэй байна.
Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 19 хүнд холбогдох 10 хэрэг шүүхээр шийдэгдсэн. Мөрдөн байцаагч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл 1 мөрдөн байцаагч 8.7 гомдол, мэдээлэл, 6.9 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна.
Шүүх, прокуророос буцсан хэргүүдтэй Мөрдөн шалгах хэлтсийн болон Мөрдөн байцаах албаны дарга нар нэг бүрчлэн танилцаж зохих үүрэг, даалгаврыг өгч, хэргийг шуурхай, чанартай шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байна.
Гэмт хэргийн улмаас 27 тэрбум 16.1 сая төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 854.7 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн, нийт 3 тэрбум 344.6 сая төгрөгийн эд хөрөнгийг хохирол нөхөн төлүүлэхээр битүүмжлэн хамгаалсан байна. Та бүхэнд сонирхуулахад хээл хахуулийн хэмжээ-автомашин 3 ш буюу 90.0 сая, бог мал 1 ш буюу 0.5 сая төгрөг, бэлэн мөнгө 1 тэрбум 379.7 сая төгрөг, нийт 1 тэрбум 470.2 сая төгрөг, 140 мянган ам.доллар байна.
Шилэн дансны тухай хууль, журмын дагуу төсвийн гүйцэтгэлийн орлого, зарлага, хэмнэлт, хэтрэлт, гүйцэтгэлийг холбогдох бусад мэдээ, мэдээллийн хамт Шилэн дансны болон байгууллагын сайтад тухай бүр байршуулж ажиллалаа.
Үндэсний аудитын газраас 2016 оны 1 дүгээр улирлын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хянасан бөгөөд “Зөрчилгүй” гэсэн дүгнэлт гарсан байна” гэж мэдээллээ.
Авлигатай тэмцэх газрын 2016 оны эхний хагас жилд хийсэн ажлын мэдээллийг хамгийн товч байдлаар хүргэсэн нь энэ бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг тус газрын албан ёсны цахим хуудаснаас үзэж танилцах боломжтой юм байна.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Нэгэнт шалгагдаж байгаа, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, шүүхээр шийдэгдээгүй, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад тодорхой хэргийн талаар ярих боломжгүй байна. Харин шийдвэрлэгдсэн хэргийн талаарх мэдээллийг АТГ албан ёсны цахим хуудсандаа тухай бүр байршуулдаг тул тэндээс мэдээллийг авах боломжтой. Тиймээс энэ удаа шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийн талаарх асуултуудад хариулт өгөхгүй” гэв.
Тэрээр “Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлын талаар АТГ бусад төрийн байгууллагад үлгэр жишээ үзүүлж ажиллах ёстой. Энэ учраас ажлын тайлангаа долоо хоног, сар, улирал, хагас болон бүтэн жилээр гаргаж, иргэд, олон нийтэд мэдээлж танилцуулдаг юм. Авлигатай тэмцэх газар ажлын гүйцэтгэл, хуулиар хүлээсэн чиг үүргээ энэ оны эхний хагас жилийн байдлаар зохих ёсоор, хангалттай түвшинд биелүүлсэн гэж үзэж байна“ хэмээн дүгнэж хэллээ.