Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа
Монгол Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 47 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Байнгын хорооны санал дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулсны дараа танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, М.Билэгт нар асуулт асууж, хариулт авсан юм.
Улсын Их Хурлын гишүүд уг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн дэмжиж буйгаа илэрхийлж байсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж хууль тогтоох дээд байгууллагын зүгээс авлигатай тэмцэх үйл ажиллагааг дэмжсээр ирсэн болохыг тодотгоод энэхүү хөтөлбөр батлагдахтай зэрэгцээд Авлигатай тэмцэх газар олон нийтийн анхаарлын төвд байгаа, нийтийн эрх ашгийг хөндсөн авлига, албан тушаалын холбогдолтой асуудлуудаа шийдэх ёстойг сануулж байв. Авлигатай тэмцэх газар нь нийгэмд хэрэгтэй, тун чухал байгууллага болохыг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хэлсэн. Гэхдээ тус байгууллагын шалгаж, илрүүлэн, таслан зогсоох арга хэмжээ авч буй авлигын гэмт хэргүүд нь дунд, доод түвшний албан тушаалтнуудад хамааралтай хэргүүд байгаа, харин дээд түвшний албан тушаалтнууд нь орхигдоод байна гэдэг хардлага бий гэдгийг анхааруулав.
Үүний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 32 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Эцэст нь хуралдаанд оролцсон гишүүдийн 91.1 хувийн саналаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн албаны мэдээнд дурджээ.