Авлигын эсрэг олон улсын академийн гишүүн орнуудын уулзалтад Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал оролцож байна
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчид Австри Улсын Вена хотноо 2016 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Авлигын эсрэг олон улсын академийн гишүүн орнуудын 5 дахь удаагийн ассамблейн уулзалтад оролцож байна.
Авлигын эсрэг олон улсын академиас жил бүр зохион байгуулдаг Ассамблейн арга хэмжээнд тус академийн 69 гишүүн орон, олон улсын 5 байгууллагаас 215 төлөөлөгч оролцож байна. Гишүүн орнууд авлигатай тэмцэх үйл ажиллагааныхаа ололт, амжилтыг бусадтай хуваалцаж, Авлигын эсрэг олон академийн хувьд хийсэн ажлаа гишүүд орнуудын өмнө тайлагнаж, мөн цаашид хийх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулах юм.
Авлигын эсрэг олон улсын академийн захирал бөгөөд Гишүүн орнуудын ассамблейн нарийн бичгийн дарга, ноён Мартин Кроетнер арга хэмжээг нээж хэлэхдээ “Авлигатай тэмцэхэд юуны өмнө тухайн хүний боловсрол, мэдлэгт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бөгөөд ингэснээр илүү үр дүнд хүрч болно” гэлээ.
Ассамблейн арга хэмжээний үеэр Авлигын эсрэг олон улсын академийн захирал, ноён Мартин Кроетнер Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.