Jul 18, 2016         7

Гадаад мэдээний тойм

iaac

 

 

Болгарын парламентын гишүүд авлигатай тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгыг дэмжив

 

Өндөр түвшний авлигатай тэмцэх зорилготой хуулийн төслийг Болгарын парламентын гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн талаар тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дамжуулж байна. Өөрөөр хэлбэл, уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулахад 130 гишүүн дэмжиж, 28 гишүүн татгалзаж, 13 гишүүн хуралдаанд ирээгүй байна.

Хэрэв энэ хууль батлагдвал, авлигатай тэмцэх шинэ байгууллага буюу Авлигатай тэмцэх үндэсний товчоо хэмээх байгууллагыг байгуулах боломжтой болох юм. Уг хуулийн төсөлд авлигатай тэмцэх механизм, хууль бусаар олж авсан хөрөнгийг хураахтай холбоотой харилцааг тусгасан байгаа аж. Мөн түүнчлэн албан тушаалтнуудаар хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргуулж байхаар тусгажээ. Авлигын талаар төрийн байгууллагад мэдэгдэхдээ нэрээ нууцлах боломжийг бүрдүүлэхэд гишүүд нэлээд маргаантай байгаа юм. Өнгөрсөн онд хуулийн анхны төслийг парламентаас дэмжихгүй байсан бол энэ удаа хоёр дахь хувилбарыг ийнхүү дийлэнх олонх дэмжээд байна.

Эх сурвалж

Шүгэл үлээгч болон гэрчийг хамгаалах хуулийг Камбожийн Авлигатай тэмцэх нэгж дэмжиж байна

Хууль, тогтоомжийг батлах үйл явцад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан семинарын үеэр Шүгэл үлээгч болон гэрчийг хамгаалах хуулийн төсөл энэ оны сүүлчээр батлагдах гэж байгаа талаар мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Камбожийн Авлигатай тэмцэх нэгжээс боловсруулсан Шүгэл үлээгч болон гэрчийг хамгаалах хуулийн төсөлд олон нийтийн санал бодлыг тусгах зорилгоор зохион байгуулсан уг семинарт Камбож дахь ТББ-уудын төлөөлөл, хуульчид, парламентын гишүүд оролцсон байна.

Уг хуулийн төслийг дэмжиж буй “Транспэрэнси интернэшнл Камбож” байгууллагын гүйцэтгэх захирал Прэп Кол хэлэхдээ, хууль бус үйлдлийг илчилсэн, эсвэл түүнийг гэрчилж буй хүнийг хамгаалах талаар маш тодорхой тусгах шаардлагатайг онцолсон юм. “Энэ хуулийг зөвхөн авлигын гэмт хэргийн гэрчийг хамгаалахад зориулаагүй, бусад төрлийн гэмт хэргийн гэрчийг мөн хамгаалахад зориулсан” хэмээн Авлигатай тэмцэх нэгжийн дарга Ом Ентейн хэлсэн байна. “Хуулийн төслийг боловсруулна гэдэг бол хамгийн чухал эхний алхам бөгөөд энэ хууль батлагдвал авлига, хар тамхины томоохон гэмт хэргийг шалгах үйл явцад ихээхэн дэмжлэг болно” гэж Камбожийн Вант Улсын Хуульчдын холбооны тэргүүн Бун Хун онцлон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж

Хээл хахуулийн хэргээр саатуулагдаад байсан захирагч өлсгөлөн зарлаж эхлэв

Хээл хахуулийн хэрэгт буруутгагдан саатуулагдаад байгаа ОХУ-ын Киров мужийн захирагч бөгөөд Кремлийг шүүмжлэгч Никита Белых өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар түүний өмгөөлөгч мэдээллээ. "Түүнд төлөвлөөд буй ял, мөн хоёр дахь өмгөөлөгч Ольга Михайлова болон эхнэр, гэр бүлийнхэнтэй нь уулзуулахгүй байгааг эсэргүүцэж Лефортовскийн шоронд Белых өлсгөлөн зарласан... Белыхын биеийн байдал муу, маш тогтворгүй байгаа” хэмээн түүний өмгөөлөгч Вадим Прохоров мэдэгдсэн юм.

Кремлийг шүүмжилдэг гэдгээрээ танигдсан Белых өмнө нь либерал сөрөг хүчин буюу Барууны хүчнүүдийн холбоог улс төрч Борис Немцов агсны хамтаар удирдаж байсан билээ. Белых нь 6 дугаар сарын 24-ний өдөр баривчлагдахдаа Москва хотын нэгэн зоогийн газарт байсан бөгөөд энэ үеэрээ хээл хахуульд 400000 евро (444.000 ам.доллар)-г авч байснаа хүлээн зөвшөөрсөн хэмээн ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос мэдэгдсэн юм.

Эх сурвалж

Хятад Улс авлигатай тэмцэх асуудлаар барууныхантай илүү хамтрахыг хүсч байна

БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллагаас мэдэгдэж байгаагаар Хятад улс авлигатай тэмцэх ажлынхаа хүрээнд авлигач албан тушаалтнуудын зорьж очсон барууны улс орнуудаас дэмжлэг авах, “ялгаатай байдлыг арилгах” шаардлагатай байгаа аж. Өөрөө хэлбэл, хилийн чанадад амьдарч буй авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа бизнесмен болон төрийн албан хаагчдыг эх оронд нь ирүүлэх “Үнэгний ав” ажиллагаанд олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр Хятад Улс мэрийж байгаа юм.

Гэвч барууны улс орнууд хятадын шүүхийн систем нь эрх барих Коммунист намаас хараат, хүний эрх зөрчдөг, гэмт хэрэгтэнтэй хүнлэг бусаар харьцдаг хэмээн үздэг бөгөөд гэмт хэрэгтнийг шилжүүлэх гэрээ байгуулахаас татгалзсаар байгаа юм. Мөн Хятад Улс нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүний талаар хангалттай нотолгоо ирүүлэхгүй байна хэмээн барууныхан шүүмжлэлтэй хандсаар байгаа билээ. Эрүүгийн шүүхийн туслалцааны хөтөлбөрүүд болон сэжигтэн, ялтанг шилжүүлэх гэрээг Хятад Улс ихэнхдээ хөгжиж буй улс орнуудтай байгуулсан байгаа ч авлигач албан тушаалтнууд өндөр хөгжилтэй барууны улс орнууд руу оргон зайлах хандлагатай байдаг талаар Хятадын сахилгын хяналтын төв хорооны онлайн мэдэгдэлд дурдсан байна. Уг мэдэгдэлд “бид авлигач элементүүдийн очоод буй улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялгаатай байдлаа арилгах, дэмжлэг авах, авлигач элементүүдийг хорогдох газаргүй болгох ёстой” гэсэн юм.

Хятадын дарга Си Зиньпин авлигатай тэмцэх “Үнэгний ав” ажиллагааныхаа хүрээнд олон зуун албан тушаалтныг хилийн чанадаас буцаан аваад байгаа бөгөөд тэдний дунд цөөнгүй тооны улс төрийн өрсөлдөгчид нь ч багтсан билээ.

Эх сурвалж

Ассад-ийн авга Францад авлигын хэрэгт буруутгагдлаа

Парисын прокурорууд Сирийн удирдагч Башар аль-Ассад-ийн авга Рифат аль-Ассад-ийг авлигын хэрэгт буруутгасан хэмээн авлигатай тэмцэх нэгэн төрийн бус байгууллагаас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, энэ оны 6 дугаар сарын 9-нд 78 настай Рифат аль-Ассадыг авлигын хэрэгт буруутгасан бөгөөд эмчилгээ хийлгэх зорилгоор Их Британи руу явахаас бусад шалтгаанаар Францаас улсаас гарахгүй байх шийдвэрийг гаргасан болохыг авлига, эдийн засгийн гэмт хэрэгт хохирогчдыг хамгаалдаг ТББ болох “SHERPA”-аас мэдэгдлээ.

“SHERPA”-ийн мэдэгдэлд “Үндэсний болон олон улсын мөрдөн шалгах ажиллагаа 2 жил үргэлжилсний дараа ноён Рифат аль-Ассад-ийг төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, мөнгө угаасан хэрэгт холбогдуулан 6 дугаар сарын 9-ний өдрөөс буруутгаж эхэлсэн” гэжээ. 1984-1998 оны хооронд Сирийн дэд ерөнхийлөгч байсан Рифат аль-Ассад нь өөрийн ах Башар аль-Ассадын аав, хожим нь Сирийн дарангуйлагч болсон Хафез аль-Ассадаас төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн гэгдэж цөлөгдөөд байсан юм.

Эх сурвалж

Малайзын сөрөг хүчний нөлөө бүхий улс төрч авлигын хэрэгт холбогдов

Ерөнхий сайд Нажиб Разакийн холбогдсон санхүүгийн гэмт хэргийн талаар хүчтэй шүүмжилж байсан Малайзын сөрөг хүчний нөлөө бүхий улс төрч авлигын хэрэгт буруутгагдан баривчлагдлаа.

Хойд Пенанг муж улсын тэргүүн сайд Лим Гуан Энг нь 2008 оноос хойш тус муж улсыг тэргүүлж байгаа юм. Түүний аав Лим Кит Сианы хэлснээр, Лимийг авлигын хоёр гэмт хэрэгт буруутгаж байгаагийн дотор Пенанг мужид зах зээлийн ханшаас доогуур үнээр орон сууц худалдан авсан нь багтаж байгаа аж. Тус улсын авлигатай тэмцэх байгууллагаас мэдэгдсэнээр ноён Лимд орон сууц худалдсан гэх бизнес эрхлэгч эмэгтэй Панг Ли Кооныг мөн саатуулсан бөгөөд тус бүрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж магадгүй байгаа аж.

Харин сөрөг хүчний зүгээс төсвийн хөрөнгө оруулалттай “1MDB” сангаас олон тэрбум доллар алга болсон хэрэгт хэнийг ч буруутгаагүй байж Лимийг баривчилсан нь зүй бус хэмээн шүүмжилж байна. Тухайлбал, сөрөг хүчний хууль тогтоогч Чарлез Сантиаго энэ баривчилгааг “сүрдүүлэг, хууль бус үйлдэл” гэж тодорхойлсон байна. Пенанг муж улсад нээлттэй тендер шалгаруулах үйл ажиллагааг нэвтрүүлж, өөрийнхөө хөрөнгийг олон нийтэд ил болгож байсан зэргээрээ Лим нь харьцангуй цэвэр улс төрч юм. Нэг талаас худалдахыг хүсэгч, нөгөө талаас худалдан авагч хоёр харилцсан тохиролцсоны үндсэн дээр, Пенанг муж улсад 2.8 сая ринггит (700000 ам. доллар)-ээр орон сууц худалдан авсан байдаг. Харин эрх барих намын хууль тогтоогчид үүнийг зах зээлийн үнээс 2 дахин бага үнээр авсан гэж буруутгаж байгаа бөгөөд тус улсын авлигатай тэмцэх байгууллага энэ оны эхэн буюу орон сууц худалдан авсан үеэс хойш уг асуудлыг шалгаж байгаа билээ. Төсвийн хөрөнгө оруулалттай “1MDB” сангаас хувийн дансаараа дамжуулан 700 орчим сая ам.долларын гүйлгээ хийсэн хэмээн Ерөнхий сайд Нажибыг буруутгаж байгаа ч уг хөрөнгө дээрх сангаас гараагүй гэж Нажиб мэдэгдсэн юм. Улмаар энэ мөнгө Саудын Арабын хааны гэр бүлээс өгсөн хандив бөгөөд ихэнх хэсгийг нь буцаан өгсөн талаар Нажиб мэдээллжээ.

Эх сурвалж

“Панамын баримт бичиг”-ийн хэрэгт холбогдоод байсан ажилтан батлан даалтаар гарав

“Панамын баримт бичиг”-ийн хэргийн төв болоод байсан Моссак Фонсека хэмээх хуулийн фирмээс баримтуудыг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаад байсан мэдээллийн технологийн ажилтныг батлан даалтаар гаргасан болохыг түүний өмгөөлөгч нотоллоо. Өөрөөр хэлбэл, Швейцарийн Женев хот дахь Моссак Фонсека фирмийн салбарт ажиллаж байсан ажилтныг хэрэгт сэжиглэн өнгөрсөн сарын эхээр баривчлаад байсан юм.

“Мөрдөн байцаалт дуусах хүртэл Швейцарийг орхин гарахгүй байх нөхцөлтэй”-гөөр түүнийг батлан даалтад гаргаж авсан хэмээн түүний өмгөөлөгч Томас Барт “AFP” агентлагт мэдээлсэн юм. Панамд төвтэй Моссак Фонсека фирмээс оффшор компаниудын мэдээллийг задруулсан хэрэгт сэжиглэж буй хүмүүсийн эсрэг тус фирмээс хэд хэдэн улсад гэмт хэргийн албан ёсны гомдол гаргаад байсан юм. Тус фирмийн мэдэгдэж байгаагаар гадаад улс оронд байрлалтай серверээс халдаж, мэдээллийг хулгайлсан гэж үзэж байгаа билээ. Улмаар Швейцарийн салбарын ажилтныг баривчилсан талаар орон нутгийн “Le Temps” агентлаг анх мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж

Багц мэдээллийг Авлигатай тэмцэх газрын
Судалгаа шинжилгээний албанд орчуулж бэлтгэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us