Иргэний нийгмийн хяналттай төр л хамгийн сайн төр байж чаддаг. . . /2009.04.07/
Аймаг орон нутаг болгонд төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон иргэний нийгмийн сүлжээ бий болсон. Иргэний нийгмийн байгууллагын тус сүлжээ нь тухайн аймаг орон нутгийнхаа төр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд, өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллаж байгаа, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх чиглэлээр үйл ажиллагаагаа хэрхэн төлөвлөж хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьдаг.
2009 оны нэгдүгээр улиралд хийсэн ажлынхаа тайланг аймаг орон нутаг дахь иргэний нийгмийн сүлжээнүүд Авлигатай тэмцэх газарт ирүүлж эхэллээ.
Сүхбаатар, Дундговь, Төв, Өвөрхангай, Өмнөговь зэрэг 15 аймаг тайлангаа ирүүлснээс одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн иргэний нийгмийн байгууллагын сүлжээ байгуулагдсанаасаа хойш чамлахааргүй их ажлыг хийж, зохион байгуулсан байна.
Тухайлбал, тус аймгийн иргэний нийгмийн сүлжээ нь аймгийнхаа засаг даргатай хамтран төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, ил тод, нээлттэй, шударга хүргэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг сайжруулах, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор долоо хоног бүрийн тав дахь өдөр төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын тэнцүү тооны төлөөлөгч оролцсон “Хариуцлагатай төр” телевизийн шууд нэвтрүүлэг явуулдаг байна.
Уг шууд нэвтрүүлгийн үеэр иргэд дундчаар шууд утсаар 200 гаруй асуултыг нэвтрүүлэгт оролцогч төрийн байгууллагын албан тушаалтан, ажилтанд тавьж, төрийн үйлчилгээнд байгаа хүнд суртал болон төрийн албан хаагчдын ёс зүйн талаар санал гомдол гаргадаг байна. Шууд утсаар иргэдийн ирүүлсэн гомдол саналын дагуу холбогдох арга хэмжээг дор бүр нь авч, зохион байгуулж хэвшчээ.
Ийнхүү аймаг орон нутаг бүрт ажиллаж байгаа иргэний нийгмийн сүлжээ нь төрийн албаны хүнд суртал, хаалттай байдлыг илрүүлж, засч залруулахаар ажиллаж байгаагийн зэрэгцээ төрийн үйлчилгээг олон нийтийн хяналтад байлгаж хүнд суртал авлигыг таслан зогсоохоор ажиллаж байгаа юм.
Авлига, хүнд суртлыг бүгдээрээ устгацгаая гэж хэчнээн чанга хашхираад нэмэргүй. Сайд дарга, жирийн иргэн хэн ч байсан. Харин нийгмийн эд эс болсон хүн бүр, нэн ялангуяа иргэний нийгмийн байгууллагууд тодорхой хувь нэмрээ оруулж байж энэ ажилд ахиц гарна гэдэг нь аймаг орон нутаг болгонд байгуулагдан ажиллаж байгаа иргэний нийгмийн сүлжээний хийж эхлүүлж байгаа ажлаас харагдаж байна. Иргэний нийгмийн хяналт байгаа төр л хамгийн сайн төр байж чаддаг гэдэг. . .
Дашрамд дурдахад, орон нутаг дахь иргэний нийгмийн байгууллагын сүлжээг тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэйгээр байгуулсан юм.