Oct 24, 2016         3

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 270 иргэний мэдүүлгийг зөрчилгүй гэж үзлээ

Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 300 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 621 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 343 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 270 нь зөрчилгүй байсан бол 28-ыг нь буцааж, 44-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 278 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайхан, Усан спорт сургалтын төвийн захирал Н.Цолмонгэрэл, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 247 дугаар цэцэрлэгийн эрхлэгч И.Эрдэнэцэцэг нарын зэрэг 270 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна. Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Статистикийн хэлтсийн даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б-ийн мэдүүлгийг хянаж үзээд илт зөрчилтэй гэж үзэв.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 28 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 44 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Төрийн банк, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us