Авлигатай тэмцэх газар албан ёсны цахим хуудсаа шинэчлэв
Авлигатай тэмцэх газар иргэд, олон нийтэд үйл ажиллагааны
мэдээллээ нээлттэй, хүртээмжтэй хүргэх үүднээс албан ёсны цахим хуудсаа шинэчиллээ.
Иргэн Та www.iaac.mn буюу http://атг.мон хаягаар нэвтэрч, АТГ-ын албан ёсны цахим хуудсанд зочлоорой. Дээрх хаягаар нэвтрэхэд эхлээд 5 цонх гарч ирнэ. Хэрвээ Та цахим хуудсаар аялж, мэдээ мэдээлэл уншихыг хүсвэл “Үндсэн вэбсайт” цонхыг сонгох хэрэгтэй. АТГ-ын төсөв, санхүүгийн талаарх мэдээлэлтэй танилцъя гэвэл “Шилэн данс“ цонхоор нэвтэрч болох ажээ. Түүнчлэн АТГ-т хандан өргөдөл, гомдол, мэдээлэл өгөх бол “Гомдол өгөх“ цонхоор нэвтрээрэй. Нийтийн албан тушаалтнууд “ХАСХОМ мэдүүлэх” цонхыг сонгож, хөрөнгө орлого болон хувийн ашиг сонирхлоо мэдүүлэх юм байна. Оюутан залууст зориулсан “Хамтдаа.мн” чөлөөт хуудсаар ч мөн аялах боломжтой.
Авлигатай тэмцэх газрын цахим хуудаснаас тус газрын бүтэц, зохион байгуулалт, хуулиар хүлээсэн бүрэн эрх, чиг үүрэг, үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, улирал, хагас болон бүтэн жилийн ажлын тайлан, төсөв санхүүгийн мэдээлэл, хүний нөөцийн асуудлаар баримтлах журам, гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар цогц мэдээллүүдтэй танилцаарай. Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргүүд /урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хяналт шалгалт, дүн шинжилгээ, мөрдөн шалгах, судалгаа шинжилгээ/ болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг үндсэн цэснүүдэд байршуулжээ.
Авлигатай тэмцэх газар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаагаа тоон болон зурган хэлбэрээр иргэд, олон нийтэд мэдээлэн сурталчлах зорилгоор цахим хуудсандаа “Инфографик”, “Онцлох мэдээлэл”, “Өргөдөл, гомдол, мэдээлэл”, “Эрүүгийн хэргийн шийдвэрлэлт”, “Цахим аялал” цэсүүдийг шинээр нээсэн байна.
Авлигатай тэмцэх газар үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэхэд ямагт анхаарч ажилладаг билээ.