Шударга байдлын үнэлгээний дүнг танилцууллаа
Авлигатай тэмцэх газраас Шударга байдлын үнэлгээний дүнг өнөөдөр
төрийн байгууллагын албан тушаалтнуудад танилцуулав. Шударга байдлын үнэлгээ нь тухайн байгууллагын гадаад ба дотоод шударга байдлын болон бодлогод оролцогчдын дүгнэлтэд үндэслэсэн үнэлгээ юм.
Шударга байдлын үнэлгээний мэдээлэл цуглуулах судалгаанд нийтдээ 4340 нэгжийг хамруулсан бөгөөд гадаад шударга байдлын үнэлгээнд 2330 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, дотоод шударга байдлын үнэлгээнд 1390 төрийн албан хаагч, бодлогод оролцогчдын үнэлгээнд 620 шинжээч оролцжээ.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар
Д.Дуламсүрэн Шударга байдлын үнэлгээг танилцуулах уулзалтад хэлсэн үгэндээ үнэлгээний үр дүнг ашиглаж, өөрсдийн байгууллага дахь шударга, ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, төрийн албан дахь авлига, хүнд суртлыг бууруулах чиглэлээр ажиллахыг хүсэв.
Төрийн байгууллагууд шударга байдлын үнэлгээгээр 100 оноо авахаас дунджаар 73.8 оноо авсан байна. Байгууллагын төрлөөр нь авч үзвэл яамдын дундаж оноо 72.4 гарсан бөгөөд үүнээс Барилга, хот байгуулалтын яамны оноо 65.8, Эрүүл мэнд, спортын яамны оноо 66.1, Зам тээврийн яамны оноо 69.0, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны оноо 69.3 гарсан нь оноо багатай байна.
Харин Засгийн газрын агентлагийн хувьд шударга байдлын үнэлгээний дундаж оноо 75.5 гарсан бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (67.3), Ашигт малтмалын газар (68.2), Гаалийн ерөнхий газар (68.9), Татварын ерөнхий газар (69.2)-ын шударга байдлын үнэлгээгээр бага оноотой байна.
Мөн аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дундаж оноо 72.9 байгаа бөгөөд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар (65.5), Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар (66.2), Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар (66.6), Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар (67.6) бага оноотой байгууллага болж байна.