ГАДААД МЭДЭЭНИЙ ТОЙМ
Киргизийн парламент Хувийн өмчийг хамгаалах болон Авлигын гэмт хэргийг мэдээлсэн хүнийг хамгаалах тухай хууль баталлаа
Киргизийн парламент Хувийн өмчийн халдашгүй байдлын тухай болон Авлигын гэмт хэргийг мэдээлсэн хүнийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлав.
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлсэн хүнийг хамгаалах зорилгоор Авлигын гэмт хэргийг мэдээлсэн хүнийг хамгаалах тухай хуулийг баталсан байна. Мэдээлэгчийн өгсөн мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж авлигын гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдвол уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг мэдээлэгчид өгч байхаар хуульд тусгасан байна. Гэхдээ урамшууллын хэмжээ нь 1 сая сом буюу 14724 ам.доллар хүртэл хэмжээнээс хэтрэхгүй байхаар хязгаарлажээ.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр парламентын зарим гишүүд урамшуулалд зарцуулах хөрөнгө нь үндэсний төсөвт хүндрэл учруулна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс урамшуулалд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр бүрдтэл урамшууллын талаарх заалтыг хэрэгжүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мэдээлэгчийг хамгаалах зохицуулалтын хүрээнд мөн мэдээлэгчийг гурван жилийн хугацаанд ажлаас нь халахгүй байх, өөр ажилд шилжүүлэн томилохгүй байхаар хуульд тусгасан бөгөөд энэ нь шүгэл үлээгчийг мөрдөж мөшгих, дайрч довтлох, дарамт шахалт учруулахаас сэргийлэх зорилготой юм.
Хуулийг хэлэлцэж байх үед парламентын гишүүн Омурбек Текебаев цахим шуудангийн хаяг нээгээд энэ хаягаараа авлигын аливаа хэрэг, зөрчлийн талаар мэдээлэхийг Киргизийн иргэдээс хүсчээ. Иргэд болон хэвлэл мэдээллийнхэн энэ үйл ажиллагаанд янз янзын байр сууринаас хандаж байна. Зарим нь ихэд дэмжиж байгаа бол зарим хэсэг нь сэжиглэнгүй байгаа аж.
Авлигын эсрэг чуулга уулзалтад 700 төлөөлөгч оролцоно
Шри Ланк улсын Засгийн газар ирэх 12 дугаар 9-ний өдөр Авлигын эсрэг үндэсний чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү арга хэмжээнд үндэсний болон гадаадын 700 орчим төлөөлөгч оролцоно. Хууль, дэг журам, өмнөд бүсийн хөгжлийн яамны сайд Сагала Ратнаяке-гаас Чуулга уулзалттай холбогдуулан өргөн барьсан төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд баталсан байна. Чуулга уулзалтаар улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд, хувийн хэвшлийнхэн, бусад холбогдох талууд, нийт ард иргэдэд авлигаас ангид нийгэм байгуулах талаар мэдлэг мэдээлэл олгох, нийгэм дэх хээл хахууль, авлигыг арилгах талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилго тавьжээ.
Тайландад авлигын хэргийг шүүн таслах шинэ шүүх байгуулагдав
Тайландын Ерөнхий Сайд Праяут Чан-оча авлигыг 20 жилийн дотор ул мөргүй устгана гэж амласны дараахан тус улсад авлигын гэмт хэргийг шүүн таслах тусгай шүүх байгууллаа. Тайландын түүхэнд анх удаа байгуулагдаж байгаа энэ шүүхэд одоогоор 70 хэрэг очоод байна. Хэргийн тоо улам нэмэгдэж хувийн хэвшил болон засгийн газрын доод түвшнийг хамарна гэж засгийн газрын албаны хүмүүс үзэж байна. Шинжээчдийн зүгээс энэхүү тусгай шүүх нь авлигын хэргийг ердийн шүүхээс илүү түргэн хугацаанд шийдвэрлэж чадна гэж дүгнэж байна.
“Улс төрч, эсхүл хувийн хэвшил хутгалдан оролцсон л байвал авлигын хэргийг энэ шүүхэд шилжүүлж байх болно” гэж Тайландын Чулалонгкорн Их Сургуулийн профессор, засгийн газрын бодлогын судлаач Вирасак Круеатап хэлэв.
Эх сурвалж: http://www.aljazeera.com/news/2016/10/thailand-introduces-anti-corruption-court-161002162235702.html
“Санданс Ресурс” компани Конго улсад хээл хахуулийн хэрэгт холбогдов
Австралийн нээлттэй хувьцаат компани болох “Санданс Ресурс” компанийн холбогдсон хээл хахуулийн хэрэг дахин шинэ үйлдлээр зузаарч байна. Тус компани Бүгд Найрамдах Конго Улсын Ерөнхийлөгч болон Уул уурхай, геологийн сайд нарт хээл хахууль өгсөн байж болзошгүй байна.
Австралийн хэвлэлийн “Файрфакс Медиа” компанийн олж авсан баримтад тусгагдсанаар Конго улсын Уул уурхай, геологийн сайд Пьер Оба нь дүүгээрээ дамжуулан “Санданс” компанийн олон сая долларын үнэ бүхий хувьцааг бэлгэнд авсан байна. Сайдын дүү Корниел Оба нь “Коминвест” нэртэй компанийг байгуулсан бөгөөд 2008 онд “Санданс” компани “Коминвест” компанид хувьцааныхаа зарим хэсгийг шилжүүлжээ. “Коминвест” компанийн захирлуудын зөвлөлд Корниел Обагаас гадна Фабрис Сил багтдаг бөгөөд “Санданс” компани нь олон сая долларын хувьцаагаа энэ хүнээр дамжуулан Конго улсын Ерөнхийлөгч Нгуессо-гийн гэр бүлийн мэдэлд бэлэглэсэн байна. Ийнхүү “Санданс” компани их хэмжээний хувьцаагаа ерөнхийлөгч болон сайдад хээл хахууль болгож өгөхдөө тус улс дахь төмрийн хүдрийн ордыг ашиглах онцгой лицензээ баталгаатай болгох, үйл ажиллагаандаа засгийн газрын дэмжлэгийг авах зорилготой байжээ.
Багц мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанд орчуулж бэлтгэв.