Oct 14, 2016         3

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖ

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал дүгнэлт өгөх, төр, засгийн бүх түвшний байгууллагаас нийт ард иргэдийн мэдээлэл авах эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Авлигын эсрэг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг үндэслэн дараахь ЗӨВЛӨМЖ-ийг АТГ-т хүргүүлж байна:

1/Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.2.2.-т заасны дагуу авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлнэ гэсэн арга замыг хэрэгжүүлэх явдлыг АТГ-ын зүгээс онцгой анхаарч ажиллах. Үүнд:

  • Шилэн дансны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, тэдгээрт заасан ёсоор иргэдийн оролцоог тууштай хангах, авлигаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зүйл, заалтуудын биелэлтэд АТГ-аас хяналт тавих;
  • АТГ-ын байранд иргэд чөлөөтэй нэвтэрч, тус байгууллагаас авах шаардлагатай зөвлөгөө туслалцаа, баримт мэдээлэл авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, өөрийн үйл ажиллагааны талаар тогтмол хугацаанд иргэдэд үнэн зөв, бодитой мэдээлэл өгөх ажлыг хэвшүүлэх;
  • АТГ-ын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, судалгаа сургалт зохион байгуулах зорилгоор Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн төвийг өөрийн дэргэд байгуулж ажиллуулах, улмаар бүс нутаг хийгээд олон улсын түвшинд үлгэр жишээ үзүүлэхүйц байнгын ажиллагаатай дэд бүтцийг бүрдүүлэх, үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр Нэгдсэн үндэстний байгууллага, Олон улсын авлигын эсрэг академи, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллах.

2/ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг чанд сахин хэрэгжүүлэх, иргэдийн уг эрхийг дээд зэргээр хангах замаар бусад төр засгийн байгууллагад үлгэрлэх, олон нийтийн оролцоо, хяналт тавих зайлшгүй нөхцөлийг бүрдүүлэхэд АТГ-ын зүгээс онцгой анхаарч ажиллах. Үүнд:

  • Авлигын эсрэг хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор АТГ-т цугларсан мэдээллийн цэгцтэй жагсаалт, зураглалыг гаргаж ОНЗ-д танилцуулах, уг жагсаалтад орсон баримт мэдээ сэлтийг Авлигын талаарх мэдээлийн (өгөгдлийн) нэгдсэн цахим сан болгон эмхэлж, байнга баяжуулах;
  • Хуулиар хориглосноос бусад мэдээллийг олон нийтэд ойлгомжтой дөхөм байдлаар ил тод, нээлттэй тайлагнах талаар төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, улмаар иргэд чөлөөтэй ашиглах, дахин боловсруулалт хийх боломжийг олгох үүднээс Нээлттэй мэдээллийн стандарт, форматаар олон нийтэд хүргэх. Тухайлбал, хувийн ашиг сонирхол болон хөрөнгө орлогын мэдүүлэг (ХАСХОМ) зэргийг хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд дэлгэрэнгүй задаргаатайгаар, мөн файлын ‘pdf’ хэлбэрээр бус ‘Excel’ зэрэг хүснэгтэн мэдээллийн хэлбэрээр нийтэлж хэвших;
  • Төр, засгийн бүх түвшний байгууллагын цахим хуудас, олон нийтэд мэдээллээ хүргэдэг бусад сувгаар тухайн байгууллагын албан тушаалтны ХАСХОМ зэрэг авлигаас урьдчилан сэргийлэх бусад мэдээллийг давхар нийтэлж байх талаар эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж, хяналт тавих зэрэг ажлыг тэргүүн ээлжинд хийж гүйцэтгэх. Нэн ялангуяа нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянасан талаарх мэдээллийн нээлттэй байдлыг дээд зэргээр хангах.

3/ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.3.2.2.-т мөн заасны дагуу авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог хангана гэсэн арга замыг хэрэгжүүлэхэд АТГ-аас онцгой анхаарч ажиллах. Үүнд:

  • Улс орны засаглалын чанар, ил тод байдал, авлигын асуудлаар хийгдсэн судалгаа шинжилгээ, төрийн бус байгууллагуудын зүгээс хийсэн хяналт-шинжилгээ (мониторинг), хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөндөгдсөн асуудлууд, иргэдээс дэвшүүлсэн санал бодлыг системтэй судалж тогтмол дүн шинжилгээ хийх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх төрийн бодлогод тусгуулах талаар Улсын Их Хурал, Засгийн газартай нягт хамтран ажиллах;
  • Төр засгийн нийт байгууллагын бүхий л үйл ажиллагаа, худалдан авалт, тендер шалгаруулалт, төсөв, санхүү хариуцсан болон бусад нийтийн албан тушаалтнаас гарч байгаа аливаа шийдвэр, албан баримт бичгийн ил тод, нээлттэй байдал, хүнд суртал, чирэгдэл, авлига, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчил, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэдээс хяналт тавих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор яам болон агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд Олон нийтийн хяналтын зөвлөл буюу хороог холбогдох байгууллагууд, орон нутгийн иргэдтэй хамтран байгуулж ажиллуулахад дэмжлэг үзүүлэх;
  • Авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд нийт иргэд, иргэний нийгэм болон хувийн хэвшил бизнесийн байгууллагууд, олон нийтийн оролцоог улам нэмэгдүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөхиүлэн дэмжих, төр-түмний түншлэлийг хөгжүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг олон нийтийн цуврал хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулах арга замаар сайжруулан боловсруулж, төрөөс авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоо бүрдүүлэх талаар баримтлах бодлогын хэмжээнд УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах арга хэмжээ авах.

ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us