Oct 14, 2016         3

Авлигын эсрэг “шүгэл үлээгч”-ийг хамгаалсан хууль шаардлагатай

Киргизийн парламент Авлигын гэмт хэргийг мэдээлсэн хүнийг хамгаалах тухай хууль баталсан талаарх мэдээллийг АТГ-аас бэлтгэн танилцууллаа. Үүнтэй холбогдуулан АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас дараах зүйлийг тодруулав

-Киргизийн парламентын баталсан хууль нэлээд сонирхолтой юм. Гол нь ямар зохицуулалттай хууль вэ?

-Төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлсэн хүнийг хамгаалах зорилготой хууль юм байна. Мэдээлэгчийн өгсөн мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Хэрвээ авлигын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг мэдээлэгчид өгч байх зохицуулалтыг хуульд тусгажээ.

Өөр нэг чухал зохицуулалт байгаа. Энэ нь мэдээлэгчийг гурван жилийн хугацаанд ажлаас нь халахгүй байх, өөр ажилд шилжүүлэн томилохгүй байхаар хуульд тусгасан. Ингэснээр мэдээлэгчийг буюу “шүгэл үлээгч”-ийг мөрдөж мөшгих, дайрч довтлох, дарамт шахалт учруулахаас сэргийлж чадна гэж Киргизийн парламент үзсэн байна.

-Манай улсад энэ талын хууль тогтоомж, зохицуулалт байдаг уу? Байгаа бол ямар түвшинд байна вэ? 

-Шуудхан хэлэхэд, байхгүй. Авлигын гэмт хэргийг мэдээлсэн хүнд урамшуулал олгох зохицуулалт байхгүй. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх эрхээ хэрэгжүүлсний төлөө манай иргэд тодорхой хэмжээний дарамт шахалтад өртдөг. Манай улсад Гэрч, хохирогчийг хамгаалах хууль нийтлэг агуулгаараа байгаа боловч энэ нь “шүгэл үлээгч”-ийг буюу мэдээлэгчийг хамгаалах зохицуулалт болж чадахгүй.

-Тэгэхээр манайд Киргизийн парламентын баталсан шиг Авлигын гэмт хэргийг мэдээлсэн хүнийг хамгаалах тухай хууль шаардлагатай юу? 

-Жирийн иргэд эрхээ хэрэгжүүлэхэд хууль зүйн бодитой хамгаалалт, баталгаа хэрэгтэй. Тиймээс авлигын эсрэг “шүгэл үлээгчид”-ийг хамгаалах хууль зайлшгүй шаардлагатай. Чухам ямар байдлаар зохицуулахыг манай хууль тогтоогчид мэдэх хэрэг.

Шинээр байгуулагдсан УИХ намрын ээлжит чуулганаа эхлүүллээ. Энэ намрын чуулганаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга чуулганы нээлт дээр хэлсэн. Тэгэхээр авлигатай тэмцэх үндэсний хэмжээний бодлогын баримт бичиг хэлэлцэгдэж батлагдсан тохиолдолд энэ төрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх таатай орчин бүрдэнэ. Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийн төсөлд “Авлига, хууль бус үйлдлийн талаар мэдээлсэн албан тушаалтан, иргэнийг урамшуулах, мэдээлэгчийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх” гэсэн тодорхой заалт бий. Тиймээс авлигын гэмт хэргийн талаар мэдээлсэн иргэнийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байж болно.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us