Jun 21, 2016         10

ГАДААД МЭДЭЭНИЙ ТОЙМ

iaac

 

 

Англи бол дэлхийн хамгийн авлигад автсан улс гэж мафийн чиглэлээрмэргэшсэн шинжээч Роберто Савиано мэдэгдэв

 

Италийн мафитай холбоотой эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр 10 гаруй жил ажилласан сурвалжлагч Роберто Савиано утга зохиолын Хэй фестивалийн үеэр “Англи бол дэлхийн хамгийн ихээр авлигад автсан улс” гэж мэдэгдэв.

Савиано хамгийн ихээр борлуулагддаг “Комора ба зерозерозеро” гэдэг номыг 2006 онд бичсэн бөгөөд одоо цагдаагийн хамгаалалтад амьдарч байна. 36 настай түүний бичсэн энэ ном Италийн неополитаны хүчирхэг мафийн сүлжээний хууль бус үйл ажиллагааг илчилсэн байна.

Фестивалийн үеэр Савиано “Та бүхэн дэлхийн хамгийн ихээр авлигад автсан улс бол Афганистан, Грек, Нигер, Өмнөд Итали гэх байх. Харин би Англи гэж хэлнэ. Энэ бол хүнд суртал биш, улс төр биш, харин санхүүгийн хөрөнгийн тухай асуудал юм. Лондонд хөрөнгө эзэмшигчдийн 90 гаруй хувь нь оффшор бүсэд бүртгэлтэй байдаг. Европ болон Английн гэмт хэргийн хөрөнгө Жерси болон Кайманы арлуудад байршиж байна. Иймд би та бүхний амьдрал, танай засгийн газрын талаар та нартай өнөөдөр ярилцаж байна” гэжээ. Хэрэв Англи Улс Европын холбооноос гарвал зохион байгуулалттай гэмт хэрэгт улам их автах магадлалтай юм. Тиймээс Европын холбооноос гарах эсэх тухай санал асуулгын талаар Савиано онцлон тэмдэглэсэн байна. Англи Улс Европын холбооноос гарсан нөхцөлд Катарын баячууд, Мексикийн картель, Оросын мафид илүү их боломж олдоно гэсэн үг юм. “HSBC банк АНУ-ын Засгийн газарт 2 тэрбум фунт стерлинг төлөхөөр болсон нь уг компани картель болон ираны компаниудын мөнгийг угааснаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Бидэнд нотолгоо, баримт байгаа” хэмээн тэрээр мэдэгджээ.

Эх сурвалж

Нигер Улсын Ерөнхийлөгч шалгуулахад бэлэн байна гэж мэдэгдэв

“Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий аль ч байгууллагаар шалгуулахад бэлэн байна” хэмээн Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари мэдэгдэв. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нэг жилийн дараа хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа 2015 оны сонгуулийн кампанит ажлын санхүүжилтээ шалгуулахад бэлэн гэжээ. Түүнчлэн 2.1 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ, хэлцэлд оролцсон хэнийг ч уучлахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Гэвч тэрээр тус улсын төсвийн хөрөнгийг идэж шамшигдуулсан этгээдүүдийг нэрлэхээс татгалзсанаар сая сая нигерчүүдийн итгэлийг хөсөрдүүллээ. Ерөнхийлөгч Ардчиллын өдрөөр ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ эдгээр этгээдийн нэрсийг зарлана хэмээн амласан аж.

Эх сурвалж

Сайд болон түүний хоёр хүүд авлигын асуудлаар шүүхээс ял оноожээ

Египетийн нийслэл Каир хотын Эрүүгийн хэргийн шүүхээс Мэдээллийн сайд асан Сафват Эл-Шариф болон түүний хоёр хүүд 5-10 жилийн хугацаатай хорих ял оноосныг Египетийн албан ёсны мэдээллийн агентлаг мэдээлэв.

Эл-Шариф болон түүний хүү Ихаб нарт 5 жилийн хорих ял оноосон бол Эл-Шарифын хоёр дахь хүү Ашрафт 10 жилийн хорих ял оноож 209 сая египет паунд буюу 24 сая ам.долларын торгууль ногдуулжээ.

Эл-Шарифыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үлэмж хэмжээний мөнгө, үл хөдлөх хөрөнгө хууль бусаар олж авсан хэмээн шүүхээс буруутгажээ. Эл-Шариф Мэдээллийн сайдын албан тушаалаас гадна парламентын доод танхимын даргын албан тушаалыг хашиж байсан. Тэрээр Ерөнхийлөгч Хосни Мубаракийн ойрын хамсаатан байсан аж.

Эх сурвалж

Венесуэлын парламентын сөрөг хүчнийхэн 69 тэрбум ам.долларын авлигын асуудлыг шалгаж байна

Парламентын сөрөг хүчнийхэн одоогийн болон өмнөх төрийн албан тушаалтнуудтай холбоотой 69 тэрбум ам.доллароор хэмжигдэх 89 авлигын хэргийг шалгаж байгааг хууль тогтоогч Фрэдди Гуэвара мэдэгдэв. Энэ мөнгөөр 900 сая хүнд анхан шатны хэрэгцээний зүйл авах, эсхүл тус улсыг 30 жил тэжээхэд хангалттай хөрөнгө хэмээн тэрээр мэдэгдсэн байна. Гуэвара нь Үндэсний Хурлын санхүүгийн хяналтын хорооны дарга аж.

Венесуэл Улсын төсвийг бүрдүүлдэг гол бүтээгдэхүүн болох газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр буурснаар тус улсын эдийн засаг хямралд орж хүнс, эмийн хэрэгцээнд зарцуулах хөрөнгө буурсан. Гуэвара “Энэ шалгалт хилийн чанадад гаргасан хөрөнгийг хаана байгааг илрүүлэх, буцаан авах зорилготой” гэжээ. Шалгалтад эрүүл мэнд, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг салбарын нөхцөл байдлыг 2003 оноос хойших байдлаар хамруулж байгаа аж. Хууль бус санхүүгийн гүйлгээ 60 тэрбум ам.долларт хүрч байгааг тэрээр тэмдэглэж байна. Түүнчлэн төрийн өмчит газрын тосны ПДВСА компанийг мөн шалгаж байгаа бөгөөд тус компани 7 тэрбум ам.долларын хөрөнгө шамшигдуулсан нь шалгалтаар тогтоогджээ. Сөрөг хүчний зүгээс энэхүү шалтгалтыг хийж байгаа нь Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний Засгийн газрыг унагах гэсэн оролдлого хэмээн тайлбарлаж байгаа аж.

Эх сурвалж

Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч асан авлигын хэргээр яллагдав

Барилгын компанийн ахлах менежерт хээл хахууль өгч шинэ байруудаас авах гэсэн хэрэгт буруутгагдсан үл хөдлөх хөрөнгийн зуучлагч асанд 12 долоо хоногийн хугацаатай хорих болон 100.000 ам.долларын торгуулийн ялыг Сингапурын шүүхээс оноожээ. Го Чан Чонг нь “Юнайтед Инжинерс Девелопментс” компанийн Сухайми Аминд 50.000 ам.долларын хээл хахуулийг 2007 онд өгсөн байна. Го Чан Чонг 45.000 ам.долларын барьцаагаар суллагдаад байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа аж.

Сухаймид 2014 онд шүүхээс 60.000 ам.долларын торгууль ногдуулсан юм. Тэрээр Го-д 50.000 ам.долларыг 2008 оны 8 дугаар сард буцаан өгсөн ажээ. Го нь 2007 онд Сухаймигийн компанийн барьсан барилгаас 8 байр худалдан аваад 6-г нь өндөр үнээр эргүүлэн борлуулсан байна. Эдгээр байрыг хямд үнээр худалдан авсны шан харамж болгож Сухаймид эхлээд 50.000 ам.доллар, хэсэг хугацааны дараа дахин 50000 ам.доллар өгсөн байна.

Эх сурвалж

 

Багц мэдээллийг Авлигатай тэмцэх газрын
Судалгаа шинжилгээний албанд орчуулж бэлтгэв.

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us