Өвөрхангай аймгийн 200 гаруй албан тушаалтны мэдүүлгийг хянан үзэв
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Баянхонгор, Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг, нийт 31 байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлт болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргасан байдал, тэдгээрийн шийдвэрлэлт, програмын ашиглалтын байдалтай танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд, дээрх аймгуудын удирдах ажилтнуудад тус тус сургалт явуулах, заавар зөвлөмж өгөх зорилгоор ажиллав.
Ашиг сонирхлын зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй тохиолдолд гаргах мэдэгдэл, тайлбарыг Өвөрхангай, Баянхонгор аймгийн ИТХ, Өвөрхангай аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар үйл ажиллагаандаа хэвшүүлсэн байна. Харин Баянхонгор аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар болон Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын удирдлага, ажилтнууд тодорхой үйл ажиллагаа, шийдвэрт уг мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна. Ялангуяа тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, хяналт шалгалт явуулах, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тухайн шийдвэрийг гаргах буюу тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа эсэх талаар бичгээр тайлбарлаж, мэдэгдэхгүй байх зөрчил түгээмэл илэрчээ. Байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнаас гаргасан захиргааны акт, тушаалтай танилцах явцад хууль зөрчсөн буюу илт ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан зөрчил илэрсэн. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, тус аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга нар өөртөө шагнал, урамшуулал олгосон тушаал гаргасан байв.
Нийтийн албанд шинээр болон цаашид тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн, туршилтын хугацаагаар томилох, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор болсон тохиолдолд тэдгээрийг томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлэх үйл ажиллагааг Өвөрхангай, Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд зохих хяналтыг хэрэгжүүлж байв. Шалгалтын явцад Өвөрхангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон 5 хүнийг төрийн захиргааны албан тушаалд хууль тогтоомж зөрчин томилсон зөрчил илэрчээ.
Ажлын хэсэг “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” нэртэй сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан, аймгийн удирдах ажилтан, мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтан, нийт 759 хүнд зохион байгуулав.
Өвөрхангай аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх 10 агентлаг, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Арвайхээр сумын ИТХ, Засаг даргын Тамгын газарт тус тус мэдүүлгээ гаргадаг 200 гаруй албан тушаалтны 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянаж үзэхэд гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, хадгаламж, дансны үлдэгдлээ мэдүүлээгүй болон хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг хугацаанд нь мэдүүлдэггүй зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд уг асуудлыг нарийвчлан шалгаж эхэллээ. Мөн Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудад ахлах болон ерөнхий нягтлан бодогч нараас хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргуулаагүй буюу мэдүүлэг гаргагчдын нэрсийн жагсаалтад оруулаагүй зөрчил илэрчээ.