Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэд зөрчил арилгуулах албан тоот хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт баригдаж байгаа Ахуйн үйлчилгээний төвийн барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээллийг шалгав.
Шалгалтаар барилгын ажил эхлээгүй байхад 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн гүйцэтгэлээр 105.2 сая төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн гүйцэтгэлээр 86.3 сая төгрөгийн ажил гүйцэтгэсэн мэтээр акт бичиж, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал, инженер Ц.Жамсран нар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын амаар өгсөн чиглэлийн дагуу баталгаажуулсан нь тогтоогджээ.
Дээрх үйлдэл нь Сангийн сайдын 2012 оны 290 дугаартай “Төсвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх журам”-ын 3.3-т заасныг ноцтой зөрчсөн байх тул буруутай албан тушаалтанд хариуцлага тооцож, хариу ирүүлэх тухай албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэд хүргүүлэв.