Гадаад мэдээний тойм
Иракийн худалдааны сайдыг авлигын хэрэгт холбогдуулан баривчилна
Ирак. Тус улсын шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр авлигын хэрэгт холбогдуулан худалдааны сайд болон түүний ахыг баривчлах шийдвэр гаргасан байна. Гэвч чухам ямар үйлдэлтэй холбогдуулан буруутгаж байгаагаа тодорхой мэдэгдээгүй юм. Харин тус улсын хэвлэл мэдээллээр мэдээлж буйгаар Худалдааны сайд Милас Мохаммед Абдул Карим болон түүний ах Неру нарыг Йордан Улсад байрлах, ах Нерутай холбоотой компаниудын гэрээг тендерт шалгаруулсантай холбоотой аж.
Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади өнгөрсөн 8 дугаар сард авлигыг бууруулах цогц арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм. Уг цогц арга хэмжээнд Засгийн газрын зардлыг бууруулах, шашны шугамаар хийдэг өндөр албан тушаалтнуудын томилгоог багасгах, билэгдлийн шинжтэй дэд ерөнхийлөгч болон шадар сайдын албан тушаалыг үгүй болгох, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагчдын хэргийг сэргээн шалгах зэрэг багтаж байсан юм. Шашны бүлэглэлийн шугамаар өндөр албан тушаалтнуудыг томилдог систем тус улсад байдаг ба ах, дүү хоёр энэ хэрэгтэй холбоотойгоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Харин тэдний Курд эцэг нь тус улсад хамгийн өргөн тархсан Исламын шашны хамгийн том Супи бүлгийн тэргүүн билээ.
Америкчуудын айдас бол авлига
АНУ. Чапманы их сургуулиас явуулсан “Америкийн айдас” хэмээх нэртэй судалгаагаар төрийн албан хаагчдын авлига хамгийн их айдас төрүүлж буй зүйлийн жагсаалтыг тэргүүлэв. Энэ удаагийн судалгаа нь тус сургуулиас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд судалгаанд үндэсний хэмжээнд 1500 гаруй иргэнийг хамруулжээ. Судалгаанд америкчуудын айдсыг төрүүлдэг гэмт хэрэг, байгаль орчин, ирээдүй, технологи, насжилт, өвчлөл ба эрүүл мэнд, байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гамшиг зэрэг олон асуудлыг хамруулсан байна. Уг судалгаагаар америкчуудыг хамгийн их айлгадаг 10 зүйлийн жагсаалтыг харуулбал:
- Төрийн албан хаагчдын авлига;
- Кибер терроризм;
- Хувь хүний нууц мэдээллийг хувийн байгууллагууд ашиглах;
- Террорист халдлага;
- Хувь хүний нууц мэдээллийг төрийн байгууллага ашиглах;
- Биологийн зэвсэг;
- Иргэний бүртгэлийн дугаарын хулгай /Identity theft-өөр хүний хувийн мэдээлэл, нэр, регистрийн дугаар, кредит картын дугаар зэргийг зөвшөөрөлгүйгээр ашиглан санхүүгийн гэмт хэрэг үйлдэх/;
- Эдийн засгийн уналт;
- Ирээдүйд мөнгөний хомсдол үүсэх;
- Зээлийн картын залилан.
“2015 оны судалгаагаар америкчуудын айдас эдийн засгийн асуудалтай ихээхэн холбоотой байгааг харуулж байна. Ер нь хүмүүс өөрсдийн хянаж чадахгүй зүйлээс их айдаг. Технологи болон улс эдийн засгийн ирээдүй гэсэн 2 зүйлийг урьдчилан төсөөлөх ямар ч боломжгүй юм” хэмээн тус судалгааг удирдан зохион байгуулсан Доктор Кристопер Бадер хэлсэн юм.
Сингапурын христийн сүмийн тэргүүн 35 сая доллар завшжээ
Сингапур. Тус улс дахь нэгэн христийн сүмийг үүсгэн байгуулагч этгээд 35.5 сая ам.долларыг хувьдаа завшин эхнэрийнхээ дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсныг тогтоосон байна.
Христийн шашны “Сity Harvest” сүмийн үүсгэн байгуулагч, тэргүүн пастор Хонг Хээ болон бусад 5 ажилтныг хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаанд зарцуулах байсан 24 сая сингапур доллар (17 сая ам.доллар)-ын хөрөнгийг завшсан, мөн 26 сая сингапур доллар (18.5 сая ам.доллар) буюу анхны завшсан хөрөнгөө аудиторын шалгалтаас нуух зорилгоор ашигласан байсныг шүүхээс тогтоожээ. Хуулийг өндөр хэмжээнд сахиулдаг, авлигаас ангид тус улсад энэ төрлийн томоохон авлигын хэрэг гарах нь маш ховор үзэгдэл юм.
Ахлах шүүгч Сээ Кээ Онн-ын хэлснээр Хонг Хээ-г итгэл эвдсэн гэсэн 3 гэмт хэрэгт буруутай болохыг тогтоосон аж. Одоогийн байдлаар түүнд ногдуулах ялын хэмжээг хараахан мэдэгдээгүй ч итгэл эвдэх гэмт хэрэгт хамгийн ихдээ бүх насаар нь хорих ял, харин хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэмт хэрэгт хамгийн ихдээ 10 жилийн хорих ял болон торгууль ногдуулдаг юм.
Уг завшсан мөнгийг өөрийн эзэмшдэг дуу хөгжмийн компани болон шил үйлдвэрлэгч компанид шилжүүлж, дараа нь, одоогоор ямар нэгэн хэрэгт холбогдоогүй байгаа эхнэр Хо-гийн дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан аж. Сүмийн нөгөө 4 ажилтанг хуурамч бүртгэл, данс хөтөлсөн гэсэн хэрэгт буруутгаж байгаа бол 5 дахь ажилтныг Хонг Хээгийнхтэй адилхан итгэл эвдсэн гэсэн гэмт хэрэгт буруутгасан байна. Эхнэр Хо нь Тайванд 5 цомог гаргасан ба 2003 онд АНУ-ын зах зээлд хэд хэдэн видеог ч гаргаж байсан юм. 2014 оны жилийн тайланд дурдсанаар уг сүмд ойролцоогоор 17500 хүн цуглаж, мөргөл хийдэг ажээ.
Вануатугийн шүүхээс парламентын 14 гишүүнд авлигын хэргээр ял ногдуулав
Вануату. Номхон далайн жижиг арлын орон болох Вануатугийн парламентын 14 гишүүн авлигын хэргээр шоронд хоригдох ял аваад байна. Ерөнхийлөгч Болдуин Лонсдейлийг хилийн чанадад явсан хойгуур шүүхээс парламентын гишүүдэд ял ногдуулсан байна.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан парламентын дарга Марселлино Пипитэ өөрийгөө болон бусад гишүүдийг өршөөх захирамжийг шүүхийн шийдвэрийн дараагийн өдөр гаргаад байсан юм. Гэвч Ерөнхийлөгч Болдуин Лонсдейл буцаж ирэхдээ уг захирамжийг хүчингүй болгосон бөгөөд Дээд шүүхээс парламентын даргын энэхүү шийдвэрийг Үндсэн хуульд нийцэхгүй гэж үзээд байна. “Шоронд хоригдохоор болсон гишүүд нь парламент дахь эрх барих намын гишүүдийн тэн хагас болж байгаа бөгөөд энэ үйл явдал нь өнгөрсөн 6 дугаар сараас бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн парламентыг тарааж, шинэ сонгууль зарлаж магадгүй нөхцөл байдлыг үүсгээд байна” хэмээн Шинэ Зеландын “TVNZ”-ээс мэдээллээ.
Гишүүдийг буруутгаж байгаа үндэслэл нь тухайн үед Шадар сайд байсан Моана Каркассес өнгөрсөн онд сөрөг хүчний 13 улс төрчид 35 сая вату буюу 312 мянган ам.доллар өгсөнтэй холбоотой юм. Шүүхээс Моана Каркассесд 4 жилийн ял, бусад гишүүдэд 3 жилийн ял ногдуулсан юм. Шүүгч Мару Сэйгийн хэлснээр уг төлбөрийг парламентын гишүүдэд нөлөөлөх зорилгоор өгсөн ажээ. Шадар сайдаас гадна уг хэрэгт холбогдсон хүмүүсийн дунд Гадаад хэргийн сайд, Сангийн сайд байжээ.