Говь-Алтай, Ховд, Увс аймагт хэрэгжиж буй 54 дүрэм, журмыг хянаж үзэв
Авлигатай тэмцэх газраас Говь-Алтай, Ховд, Увс аймагт ажилласан тайлангийн мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу дээрх аймаг болон нэр бүхий сумын ИТХ, тэдгээрийн Тэргүүлэгчид, Засаг дарга нараас батлан мөрдүүлж буй дүрэм, журмыг хянан үзлээ.
Үүнд Говь-Алтай аймагт хамаарах 10, Ховд аймагт хамаарах 8, Увс аймагт хамаарах нийт 36, нийт 54 дүрэм, журмыг хянан үзэхэд эдгээрээс 24 нь авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн, хүнд суртал, чирэгдэл, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхүйц нөхцөл байдал үүсээгүй байв. Харин хууль тогтоомж зөрчсөн, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, баталсан дүрэм, журмаа зөрчин бусдыг урамшуулсан, хүчингүй болсон эрх зүйн актыг үндэслэн шийдвэр гаргасан, хуулиар эрх олгосон этгээдээс гаргасан дүрэм, журмыг дахин журамласан, хуулиас давсан зохицуулалт хийсэн зөрчилтэй гэж үзсэн 30 шийдвэрийг хүчингүй болгох болон хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авахыг холбогдох албан тушаалтанд мэдэгджээ. Энэ ажлын хүрээнд дээрх аймаг, сумдын ИТХ-ын Тэргүүлэгчид, Засаг дарга нараас 14 шийдвэрээ хүчингүй болгосон ба 11 шийдвэрийг хуульд нийцүүлэхээ мэдэгдээд байна.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” үүрэгтэй гэж заасан байдаг билээ.