May 19, 2016         3

Авлигатай тэмцэх байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх шаардлагатай талаар онцлон хэлэлцэв

Авлигатай тэмцэх байгууллагуудын олон улсын холбооны 9 дэх уулзалтад Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирэв. 

Авлигатай тэмцэх байгууллагуудын олон улсын холбоо нь эгнээндээ нийт 140 гаруй улсыг нэгтгэсэн, авлигатай тэмцэх чиглэлээр дэлхий дахинаа үр дүнтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй томоохон холбоо юм. Энэ удаагийн уулзалтыг “Авлигатай тэмцэх байгууллагуудын ирээдүй: Сургамж болон цаашдын хөгжлийн зураглал” сэдвээр БНХАУ-ын Тяньжин хотод зохион байгуулсан бөгөөд 70 гаруй улс орон, олон улсын байгууллагын 300 гаруй зочид, төлөөлөгчид хуран чуулж, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах талаар санал бодлоо солилцлоо. 

Уулзалтын үеэр авлигатай тэмцэх байгууллагуудын үйл ажиллагааг цаашид хэрхэн бэхжүүлэх талаар голлон ярилцсан бөгөөд Авлигын эсрэг конвенцийн 6 дугаар зүйлд заасан зохицуулалтыг үндэс болгон улс орнууд авлигатай тэмцэх бие даасан байгууллагыг бэхжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг төлөөлөгчид гаргаж байв. 

Авлигатай тэмцэх бодлогоо боловсронгуй болгох, авлигатай тэмцэх байгууллагыг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагын талаар улс орнууд мэдээлэл өгч байсан. Тухайлбал, Хонгконг улсын хувьд авлигатай тэмцэх байгууллагынхаа бие даасан хараат бус байдлыг улсынхаа Үндсэн хуулиар хамгаалж өгсөн нь авлигатай тэмцэх үйл ажиллагааг тогтвортой байлгахад хамгийн том нөлөө үзүүлсэн ажээ. Мөн санхүүгийн хувьд хараат бус байх нөхцөлийг хангахыг чухалчилжээ. Тус байгууллагын жилийн төсөв нь 130 сая ам.доллар бөгөөд энэ нь улсынхаа нийт төсвийн 0.3 хувьтай тэнцдэг байна. Хонгконг улс авлигатай тэмцэх байгууллагаа бэхжүүлж олон жилийн туршид тогтвортой үйл ажиллагаа явуулсны үр дүнд олон нийтийн зүгээс тус байгууллагад итгэх итгэл дээшилсэн байна. 

Франц улсын төлөөлөгчид авлигатай тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр хэд хэдэн сонирхолтой арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаа танилцуулжээ. Тус улс авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг “Анхааруулах-Таслан зогсоох” гэсэн агуулгаар хэрэгжүүлдэг байна. Тус улс 2013 онд Санхүүгийн прокурорын тухай хууль шинээр баталснаар санхүү, татвар, авлигын гэмт хэргийг дагнасан прокурор шалгах болжээ. Ингэснээр хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд чанарын томоохон өөрчлөлт гарсан аж. 

Испани улсын төлөөлөгч, авлигатай тэмцэх байгууллагын бие даасан хараат бус байдлыг Авлигын эсрэг конвенцийн 6 дугаар зүйлийн шаардлагын хүрээнд бэхжүүлэх нь зүйтэй болохыг дурдаад зөвхөн санхүүгийн хувьд бие даасан байх нь хангалтгүй, харин олон улсын стандартад нийцүүлсэн байх, бүтэц, үйл ажиллагааны хувьд бие даасан байх шаардлагатай гэж хэлэв. 

Авлигатай тэмцэх байгууллагуудын олон улсын холбооны 9 дэх уулзалтаар цаашид авлигын эсрэг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай хэдэн хэдэн асуудлыг тодорхойллоо. Тухайлбал, авлигатай тэмцэх байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг улам эрчимжүүлэх, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийг татан оролцуулах, авлигын хэргийг шийдвэрлэх дагнасан прокурор, шүүх байгуулах, хувийн хэвшил дэх авлигын асуудалд анхаарлаа хандуулах, Авлигын эсрэг конвенцийн 2 дахь шатны өөрийн үнэлгээний ажлыг чанартай зохион байгуулах зэрэг асуудлыг онцлон тэмдэглэсэн байна. 

Мэдээ мэдээлэл

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us