Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн зарим төрийн байгууллагын авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгав
Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Худалдан авах ажиллагааны алба зэрэг байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, 2015 оны мэдүүлгийн бүрдүүлэлт болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл гаргасан байдал, тэдгээрийн шийдвэрлэлт, програмын ашиглалтын байдалтай танилцаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, мэдүүлэг гаргагч болон мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд, дээрх аймгуудын удирдах ажилтнуудад тус тус сургалт явуулах, заавар зөвлөмжөөр хангах зорилгоор ажиллав.
Ашиг сонирхлын зөрчил үүссэн буюу үүсч болзошгүй тохиолдолд гаргах мэдэгдэл, тайлбарыг Сэлэнгэ аймгийн ИТХ үйл ажиллагаандаа хэвшүүлсэн байна. Харин Орхон аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга нь зөвхөн хүний нөөцийн тухай шийдвэрт мэдэгдэл, тайлбар гаргадаг ажээ. Дээрх аймгуудын бусад байгууллагын удирдлага болон холбогдох ажилтнууд тодорхой үйл ажиллагаа, шийдвэрт уг мэдэгдэл, тайлбарыг гаргаагүй байна. Ялангуяа тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт, хяналт шалгалт явуулах, газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тухайн шийдвэрийг гаргах буюу тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа эсэх талаар бичгээр тайлбарлаж, мэдэгдэхгүй байх зөрчил түгээмэл илэрчээ.
Нийтийн албанд шинээр болон цаашид тухайн байгууллагын зохион байгуулалтын нэгж дотроо ажлын байрны тодорхойлолт, эрхлэх асуудлын чиг үүрэгт нь өөрчлөлт орсны улмаас шилжүүлэн болон сэлгэн, туршилтын хугацаагаар томилох, Төрийн албаны тухай хуулийн хүрээнд тухайн албан тушаалын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор болсон тохиолдолд тэдгээрийг томилохын өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлэх үйл ажиллагааг Сэлэнгэ, Орхон, Хөвсгөл аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын хэмжээнд зохих хяналтыг хэрэгжүүлж байв.
Ажлын хэсэг “Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулах нь” нэртэй сургалтыг мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтан, аймгийн удирдах ажилтан, мэдүүлэг гаргагч нийтийн албан тушаалтан, нийт 1078 хүнд зохион байгууллаа.