May 06, 2024         69

Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 29-өөс 05 дугаар сарын 05-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 193 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 32 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 145 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 881 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 10 хэргийг шүүхэд шилжүүлэх, 9 хэргийг хаах, 2 хэргийг нэгтгэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.  Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 858 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн мэдэгдэл 4, хууль хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг 1 холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.

Архангай аймгийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан “Ц” нь бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байгууллагадаа хохирол учруулсан гэх, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилтан “А” нь хууль бус дүгнэлт гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болсон гэх, Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын ажилтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Засаг дарга “А” нь албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдлийг хийж бусдад давуу байдал бий болгосон гэх, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг дарга “Б” нь бусдаас хахууль авсан гэх, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын удирдах албан тушаалтан “Х” нь бусдад давуу байдал бий болгосон гэх, БЗД-ийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга “Б” нь бусдаас хахууль авсан, Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн ажилтан “И” “Ө” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх  зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


Фото сурвалжилга
Үнэлгээ
0 Comment

Click here to report

Report
File DPIAI
See DPIAI
Contact Us